У.Хүрэлсүх их хаадаараа бахархаж, Францис “тэнгэр шиг бай”-хыг санууллаа

У.Хүрэлсүх их хаадаараа бахархаж, Францис “тэнгэр шиг бай”-хыг санууллаа

У.Хүрэлсүх их хаадаараа бахархаж, Францис “тэнгэр шиг бай”-хыг санууллаа

 

Энэ жилийн хичээлийн шинэ жилийн нээлттэй давхацсан нэг үйл явдал бол Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийхээр Монгол Улсад хүрэлцэн ирсэн явдал юм. Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 31 жилийн хугацаанд харилцаа, хамтын ажиллагаа соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт өрнөж байна. Хоёр улсын харилцаа олон зуун жилийн түүхтэйг Гэгээн Ширээт Улсын номын сан, архивт хадгалагдаж буй харилцан солилцсон захидал, түүхэн баримт бичгүүд нотолдог юм. Түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх энэ айлчлал хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол Улсын гуравдагч хөршийн болон энх тайванч гадаад бодлого, үйл ажиллагааг бататгах ач холбогдолтой хэмээн шинжээчид үзэж байна. Ийнхүү есдүгээр сарын 1-нд Монгол Улсад хөл тавьсан Пап Францис есдүгээр сарын 2-ны өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамт индэр дээр гарч олон нийтэд хандан үг хэлсэн.

 

У.ХҮРЭЛСҮХ: МАНАЙ УЛСЫН ЭНХИЙГ ЭРХЭМЛЭСЭН ГАДААД БОДЛОГО, ХОЁР ОРНЫ ХАРИЛЦААНД ТҮҮХЭН ШИНЭ ХУУДАС НЭЭЛЭЭ 

“Та бүхэнд мөнх хөх тэнгэрийн орон, дэлхийн мянганы суут хүмүүн Их эзэн Чингис хааны өлгий нутаг, Монголын эзэнт гүрний гал голомт манай сайхан эх оронд Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис анх удаа төрийн айлчлал хийж байгаа энэхүү түүхэн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Монгол Улс болон Гэгээн Ширээт Улсын харилцаа эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын үеэс эхэлсэн түүхтэй. Таны Монгол Улсад хийж буй энэхүү төрийн айлчлал нь манай улсын олон тулгуурт энхийг эрхэмлэсэн гадаад бодлого, хоёр орны харилцааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж, манай хоёр орны цаашдын найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд түүхэн чухал үүрэг гүйцэтгэн, алтан үсгээр бичигдэн үлдэх болно. Нүүдлийн соёл иргэншилт монголчууд бид өнө эртнээс эх дэлхий,  байгаль орчноо хайрлан хамгаалж, ирээдүй хойчдоо унаган төрхөөр нь өвлүүлэн үлдээхийг эрхэмлэж ирсэн. Эрхэм хүндэт Пап Францис Таны дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаар болон дэлхийн хүн амын хүнсний хомсдол, хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар хэлсэн үг, байр суурь, баримталж буй бодлого манай улсад хэрэгжүүлж буй “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнтэй бүрнээ нийцэж байгаа бөгөөд цаашид хүн төрөлхтний хувь заяа, тогтвортой хөгжлийн үндэс суурь болсон байгаль орчин, хүнсний хангамж, аюулгүй байдлын чиглэлээр Гэгээн Ширээт Улстай бүх талаар хамтран ажиллах болно. Мөн түүх, архив, сан хөмрөг болон соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн чиглэлээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Таны Монгол Улсад хийж буй төрийн айлчлал нь манай улсын энхийг эрхэмлэсэн гадаад бодлого, хоёр орны харилцааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж, хоёр орны цаашдын найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд түүхэн алтан үсгээр бичигдэн үлдэх болно....”

 

ПАП ФРАНЦИС: МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ МӨН ЧАНАРААС ДЭЛХИЙ ДАХИН ҮРГЭЛЖИД СУРАЛЦАХ БОЛТУГАЙ

“...Их хааны монгол бичгээр сийлсэн тамгатай хариу бичгийг олон хэлээр орчуулан илгээсэн нь эдүгээ Ватиканы номын санд хадгалагдаж буй. Өнөөдөр би энэхүү албан бичгийн дэвшилтэт технологиор дээд зэргийн чанартайгаар үйлдсэн албан ёсны хуулбарыг хүндэтгэлтэйгээр бэлэг болгон өргөн барьж байна. Энэхүү бэлэг өнөө цагт өргөжин тэлж буй эртний найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг болох болтугай. Би танай хөдөө нутгийн хүүхдүүд өглөөний наран мандахад алсад бэлчих мал сүргээ өргөө гэрийнхээ үүдээр ажиглан тоолж, аав, ээждээ хэлдэг гэж дуулсан. Бид ч бас  алсыг ширтэх адил, даян дэлхийн энгээр ойрыг бус, холыг харж байхын ач тусыг эрхэмлэж байх учиртай. Дэлхий дахин суралцах зүйл асар ихтэй танай оронд хүрэлцэн ирсэн эргэл мөргөлөөр замнагчид, зочид гийчид бид бүхэн энэхүү уриалгыг хүлээн авч, урам хайрласан үгийг нь ирээдүйн төлөөх бүх нийтийн яриа хэлцэл, энэрэл нигүүлсэл, алсын хараа зэрэгтээ бодитоор орчуулан хэрэглэхийг хүсэж байна. Монгол гэр бол орчин үед байгаль экологид хамгийн ээлтэй, хүрээлэн буй орчинд ямар ч хор нөлөөгүй, олон талын ач тустай орон сууц юм. Цаашилбал, монголын уламжлалт бөө мөргөлийн цогц алсын хараа, хамаг амьтныг энэрэн нигүүлсэх Буддын гүн ухааны үзэл санаа нь эх дэлхийгээ хайрлан хамгаалах хойшлуулж болшгүй чухал үйл хэрэгт онцгой хувь нэмэр оруулж чадах билээ. Энд цохон тэмдэглэсэнчлэн, монголын нийгмийг бүрэн дүүрэн танин мэдэж, хосгүй өвөрмөц энэ ард түмний гайхам сайхан, сурвалжит мөн чанараас дэлхий дахин үргэлжид үлгэрлэн суралцаж байх болтугай. Та бүхэн ойр тойрныхоо зовлонг амарлиулах үйл хэрэгт босоо монгол бичиг шигээ чигч тууштай байж, хүн төрөлхтөнд хүмүүний мөн чанарыг үлгэрлэн сануулж, хөрст дэлхий хэмээх нэгэн гэртээ хөх тэнгэр шиг орших болтугай...” хэмээсэн юм.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

скачать dle 12.0