Монгол Улс "мөнгө хүүлэгч" УИХ-ын даргатай болох уу?
УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр төрийн удирдах албан тушаалыг үнэлэх замаар сонгуулийн санхүүжилт босгох төлөвлөгөө буюу “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэрэгт нэр холбогдсоныхоо төлөө УИХ-ын даргыг үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх ёстой хэмээн нэр бүхий 39 гишүүн энэ сарын 25-нд тогтоолын төслийг өргөн барьсан билээ.
Улмаар 2 сарын 29-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын даргыг чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцэж, 65 гишүүн оролцсоноос 66.2 хувийн саналаар УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлсөн юм.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын даргаар хэнийг сонгох вэ? гэдэг асуудал МАН-ын удирдлагын хүрээнд яригдаж байна.
МАН-ын удирдах зөвлөлийн хурал 14:30 цагт Ерөнхий сайдын өрөөнд зарлагдлаа. Уг хуралдаанаар УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулах юм.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Хууль зүй, Дотоод Хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр нар УИХ-ын даргад нэр дэвших хүсэлтэйгээ албан ёсоор илэрхийлээд буй аж.
Эднээс нэгэн хачирхалтай хүн байгаа нь Ж.Энхбаяр.
ХХААХҮЯ-ы дэргэдэх ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангаас зээл авсан нь нотлогдож, өөрөө ч түүнийгээ хүлээсэн, мөн өөрөө жилийн 3 хувийн хүүтэй зээл авдаг атлаа "Газар партнерс" ББСБ-аараа иргэдэд 30 хувийн хүүтэй зээл олгож, мөнгө хүүлдэг нь нэгэнт ил болсон этгээд ямар нүүрээрээ УИХ-ын дарга болохоор нэрээ дэвшүүлж буй нь гайхалтай. Ёстой л цайрна гэдэг нь бололтой. Ж.Энхбаяр МАН-ын удирдах зөвлөлөөр дэмжигдэхээр болвол Монгол улс түүхэндээ анх удаа "мөнгө хүүлдэг" бизнес хийдэг УИХ-ын даргатай болно гэсэн үг.
Нөгөөтэйгүүр ийм луйвар нь нэгэнт ил болсон хүнийг албан тушаал дэвшүүлвэл Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн нэр хүндийг унагах нь гарцаагүй.
Б.Амарсанаа