Нийслэлийн үнэт цаасаар замын сүлжээг өргөтгөх ажлыг санхүүжүүлнэ
Нийслэл Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар:
- нийтийн орон сууцны ашиглалт,
- нийтийн аж ахуйн тоног төхөөрөмж, машин механизмын хангамж,
- үнэт цаасны зарцуулалт зэрэг Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн амьдралтай холбоотой зарим асуудлыг хэлэлцэв.
Хурлаар нийслэл үнэт цаас гаргаж, арилжих талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн дарга Д.Алтангэрэл танилцууллаа. Тэрбээр, нийслэлийн үнэт цаасаар санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг боловсруулж буйг мэдээлэв.
Нэмж мэдээлэхэд, Засгийн газар нийслэлийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний үнэт цаасыг дотоодын зах зээлд үе шаттайгаар арилжихыг дэмжсэн юм. Улмаар үнэт цаасны эх үүсвэрээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг нийслэлийн төсөвт тусгаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт даалгасан юм.
Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын болон бусад холбогдох хуулийн дагуу Улаанбаатар хотын үнэт цаас гаргах, арилжих, бүртгэх, төлбөр хийх, төвлөрүүлсэн хөрөнгийг захиран зарцуулахтай холбоотой эрх зүйн орчныг судалж, үнэт цаас гаргах бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.
Тодруулбал, хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, агаарын бохирдлыг бууруулах төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд үе шаттайгаар арилжих юм.
Хурлаар мөн хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмж, машин механизмыг нэмэх шаардлагатай байгааг хэлэлцлээ. Өнгөрсөн онд нийслэлийн харьяа 17 байгууллагаас судалгаа авахад Улаанбаатар хотын нийтийн аж ахуйн салбарын үйл ажиллагааг хэвийн явуулахад 1002 тоног төхөөрөмж, машин механизм шаардлагатай гэсэн дүн гарчээ.
Тэгвэл өнөөдрийн байдлаар нийслэлийн инженер хангамжийн 7 байгууллагад 13 төрлийн 105, тохижилт үйлчилгээний 16 байгууллагад 12 төрлийн 87, нийт 192 машин механизм байна. Энэ нь шаардлагатай тоног төхөөрөмж, машин механизм 5 дахин цөөн байгааг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг танилцууллаа.
Тиймээс тоног төхөөрөмжийн хэрэгцээ, шаардлагын талаар судалгаа хийж, түрээсээр авах боломжийг судалжээ. Улмаар АНУ, ОХУ, БНХАУ, Беларус улсын компаниудтай хамтран ажиллахаар санал солилцож байгааг мэдээлж, төсөвт ачаалал өгөхгүйгээр асуудлыг шийдэх гарц гэдгийг тодотгож байлаа. Мөн хот, нийтийн аж ахуйн салбарт хувийн хэвшлийн тоног төхөөрөмжийг ашиглах боломжийг судалж үзэхийг хүслээ.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмж, машин механизмыг түрээсээр шийдвэрлэх саналыг судлан, НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов.
Нийслэл хотод угсармал орон сууцны 1077 барилгыг хүчитгэн дахин дулаалснаар эрчим хүчний шинэ эх үүсвэр барьж, их хэмжээний хөрөнгө зарцуулах цаг хугацааг хэмнэж, эдийн засгийн хувьд ашиг гарна гэдгийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар онцлов.
Хурлаар орон сууцны конторуудын үйл ажиллагааг хариуцлагажуулах хэрэгтэй байгааг хэлэлцэв. Нийслэлийн нийт өрхийн 51 хувь нь орон сууцанд амьдарч байгаа бөгөөд нийтийн зориулалттай 4268 орон сууцны ашиглалт, үйлчилгээг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар болон хувийн 65 компани хариуцдаг. Тодруулбал, орон сууцны 47 хувийг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, 53 хувийг хувийн компаниуд хариуцаж байгаа юм.
Үүнтэй холбогдуулан “Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа танилцууллаа.
Тэрбээр, Улаанбаатар хотын угсармал орон сууцны 1077 барилгыг дулаалснаар эрчим хүчний шинэ эх үүсвэр барьж, их хэмжээний хөрөнгө зарцуулах зэрэг цаг хугацаа болон эдийн засгийн хувьд хэмнэлттэйг мэдээллээ. Дулаалгын төслийн хүрээнд иргэд тодорхой хэмжээний мөнгө гаргаснаар хяналт ч сайжирна гэдгийг хурлаар онцлов.
Дулааны техникийн шинэчлэлийн хөтөлбөрийг эхлүүлж, барилгын эрчим хүчийг хэмнэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой уг төсөл нь 2 үе шаттай 60 сарын хугацаанд хэрэгжих юм. Төслийн хүрээнд дулаан техникийн шинэчлэлд хамрагдах барилгад орон сууц өмчлөгчдийн саналыг нэгтгэсэн, газар хөдлөлтийн үнэлгээнд тэнцсэн байх шаардлага тавьж буй.
Төслийн багийн зүгээс Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн ЗДТГ болон зарим угсармал орон сууцны СӨХ, оршин суугчидтай уулзаж саналыг авахад иргэд орон сууцаа дулаалуулах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Төсөлд хамрагдах боломжтой байруудын жагсаалтыг 8 дугаар сард гаргахаар болжээ. Мөн төслийн хүрээнд хийх нэг томоохон ажил нь дулааны тоолуур суурилуулах юм.