“Huawei” компанийн нэрийг харлуулах явдлыг улс төрийн зорилготой гэж үзэж байна
АНУ Хятадын компаниуд руу тэр дундаа “Huawei” компани руу дайрч давшлан, нэр хүндийг нь харлуулах явдал нь улс төрийн зорилготой гэж Хятадын Гадаад хэргийн яам үзэж байна. “Huawei” компани хийгээд тус компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг нийт 23 зүйл ангиар буруутгасан тухай АНУ-ын Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Мэтью Уитакер өмнө нь мэдэгдсэн билээ.
“АНУ тодорхой хугацааны туршид Хятадын компаниудын нэрийг харлуулж, цохилт өгөхийн тулд улсын нөөцөө ашиглаж компаниудын хууль ёсны бизнесийг зогсоохыг оролдож байна. Энэ бүхний цаана улс төрийн томоохон зорилго нуугдаж байна” хэмээн Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Гэн Шуаны мэдэгдэлд дурдсан байна.
АНУ дахь Хятадын компаниудад тэр дундаа “Huawei” компанид үндэслэлгүйгээр шахалт үзүүлэхээ зогсоож, тэдэнтэй бодитой хандахыг Хятадын Гадаад хэргийн яам АНУ-д уриалжээ.
Түүнчлэн Хятадын байр суурьт анхааралтай хандаж, Мэн Ваньжоуг даруй суллахыг Канадад уриалсан байна.
Эх сурвалж: www.TODAY.mn