Хоёр Солонгосын хилд 500 км урт "амьд" гинжин холбоо үүсгэнэ
БНСУ-ын хэдэн зуун мянган иргэн Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтыг тохиолдуулан хоёр улсын хилийн бүсэд орших Панмүнжом тосгонд 500 км урт "амьд" гинжин холбоо үүсгэхээр төлөвлөж байгаа тухай “Yonhap” агентлаг мэдээлжээ. Ким Жөн Ун болон Мүн Жэ Ин нарын өнгөрсөн онд хийсэн уулзалт нь Хоёр Солонгосын удирдагчдын сүүлийн 10 гаруй жилд хийсэн анхны уулзалт болсон бөгөөд энэхүү уулзалт нь Панмүнжомд болсон билээ.
“Энэ арга хэмжээнд бид 500 мянган хүнийг оролцуулах бодолтой байна. Энэ бол багагүй тоо хэдий ч тус арга хэмжээнд бид удаан бэлтгэсэн учир ийм тооны хүмүүсийг цуглуулж чадна. Оролцогч бүр 10 мянган вон төлөх ёстой” хэмээн арга хэмжээг зохион байгуулагчид ярьсан байна.
Энэхүү арга хэмжээ нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, энх тайван байдал тогтоох уриалга болохын зэрэгцээ хоёр улсын оршин суугчдын өргөн дэлгэр тэмдэглэж буй Японы эсрэг бослогын 100 жилийн ойд зориулагдах аж.