Түгжрэлийн сайд гурван цаг түгжирчээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Эдийн засгаа төлөвлөж, том төслүүдээ хөдөлгөж, хөгжилд хөрөнгө оруулалт хийх шаардлага байна. Нийт хөрөнгө оруулалтын 28 хувь нь нийслэлийн түгжрэлийг бууруулахад зарцуулах нь. Энэ бол МУ-ын төрийн бодлогын оновчгүй, урд хийсэн алдаагаа засаж байгаа хэрэг. Хөгжилд зарцуулж байх ёстой мөнгө шүү дээ" хэмээлээ.
Үүнд Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар "Түгжрэлд мөнгө зарцуулах нь хөрөнгө оруулалт биш гэж ярих нь буруу шүү. Түгжрэл гэдэг нь сургууль цэцэрлэгээс болж байгаа, барилга барьж байгаагаас болж байгаа, машин нэмэгдэж байгаас, хүн нэмэгдэж байгаагаас л болж байгаа. Дэлхийн улс орнуудад олон төрөлт тээврийн хэрэгслийг хэрхэн дэмжих вэ? замаа яаж өргөжүүлж, хотоо яаж тэлэх үү гэдэг л бодлого яригдаж байна. Харин манайд газрыг нь хулгайлаад барилга байшин барьчихсан, зам зогсоолоо тооцоогүй, сургууль цэцэрлэгээ зөв бариагүйтээ холбоотой. Тавигдаад байгаа хөрөнгө нь газар чөлөөлөх зам гүүрэн байгууламжид зарцуулж байгаа. Өнөөдрийг хүртэл гадаад дотоод томилолтод нэг ч төгрөг зарцуулаагүй сайд шүү, би. Таван ажилтантай. Гишүүний цалин авдаггүй. Засгийн газрын гишүүний цалин авдаг. Тэр нь гишүүний цалингаас бага юм гэсэн. Нэг, хоёрдугаар гарын үсэг зурж байгаа нэг ч зүйл байхгүй.
Түгжрэлээс болж жилд 13 их наяд төгрөгийн эдийн засгийн боломжоо алдаж байна. Улаанбаатар хотын нэг жолооч жилд 10 сая төгрөгийн алдагдал үүрч байна. Өчигдөр би 3 цаг түгжирсэн. KFC Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд арга хэмжээ зохион байгуулсан. Энэ арга хэмжээнээс гэнэтийн түгжрэл үүсэж байна. Түгжрэл бусад хотуудад ч байна. Гэхдээ тэнд апплейкшн ашиглаж, мэдээллээ авдаг. Манайд энэ хангалттай биш" хэмээлээ.
П.ГОО
http://www.shuud.mn/a/549888