С.Жавхлан: УИХ-ын дарга гэдэг бол нэвтрүүлэгч юм билээ
Чуулганы хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх эсэх асуудлаар гишүүд үг хэлж байна.Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан өөрийн байр суурийг илэрхийллээ.
Тэрээр: Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хууль анх удаа хэрэгжиж байна. Ерөнхийлөгчид баяр хүргэе. УИХ анх удаа Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжиж байна, бас баяр хүргэе. Энэ хүнийг огцруулснаар Монгол сайхан болно гэдгийн нь харж л сууя. Энэ байдал хэвээр үргэлжлэх юм бол дараагийн УИХ-ын дарга нь хэн бэ. Нэгээр цадаж, хоёроор бүү хуураарай. Дараагийн хүнд маш их ач холбогдол өгнө. Яасан ч ховхорч болдоггүй суудал бэ. Сандал суудлын төлөө УИХ нь бүтэн гурван сар ийм байдалтай байна. Миний харж байгаагаар, УИХ-ын дарга гэдэг бол нэвтрүүлэгч юм билээ. Хүмүүсийн бэлдэж өгсөн зүйлийг уншдаг л хүн юм билээ ш дээ. Энэ хүн Монголын ард түмнээс уучлалт гуйх хэрэгтэй гэв.