ОУВС Азийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ

ОУВС Азийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ


Олон улсын валютын сан /ОУВС/ Хятад улсын эдийн засаг сэргэж байгаатай холбогдуулан Азийн эдийн засгийн өсөлтийн талаарх энэ оны төсөөллийг ахиулжээ. Гэхдээ өндөр инфляц, дэлхийн зах зээлийн тогтворгүй байдал зэргээс үүдэлтэй эрсдэлүүд байгааг анхааруулсан байна.

 

ОУВС-гийн мэдээлснээр, 2022 онд 3.8 хувийн өсөлттэй байсан Азийн эдийн засаг энэ онд 4.6 хувиар өсөх төлөвтэй байна. Энэ нь өнгөрсөн оны 10 дугаар сард танилцуулсан өмнөх урьдчилсан таамаглалтай харьцуулахад 0.3 хувиар өссөн үзүүлэлт юм.

 

Бүс нутгийн эдийн засгийн төлөв байдлын тайланд, 2023 онд Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг нь Хятад, Энэтхэгийн өсөлтийн талаарх өөдрөг төлөвөөс хамааран дэлхийн томоохон бүс нутгуудаас хамгийн эрчимтэй өснө хэмээн бичжээ. Ази энэ онд дэлхийн өсөлтийн 70 хувийг бүрдүүлэх төлөвтэй байна.

 

Хятад, Энэтхэгийн эдийн засаг 5.2, 5.9 хувиар тус тус өссөнөөр дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч болно гэж ОУВС мэдээлсэн байна. Гэхдээ ОУВС ирэх оны Азийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалаа 0.2 хувиар бууруулан 4.4 хувь болгож, инфляц таамаглаж байснаас чангарах, дэлхийн эрэлт удаашрах, мөн АНУ, Европын банкны салбарын хямралын үр нөлөө зэрэг хүчин зүйлс урьдчилсан таамаглалд эрсдэл учруулж болзошгүйг анхааруулжээ.   

скачать dle 12.0